Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө

2011-02-22,
  • Бага Сургуулийн сурагчдын аав, ээж нарт:

Булбарайхан булцгар хуруундаа харандаа бариад хорвоо ертөнцийг өөрийнхөөрөө тунгаан, бясалгаж  суугаа бяцхан "амьтдыг" хараад өөрийн эрхгүй хайрлан, бахархах сэтгэл төрдөгийг нуух юун. Тэдэнд эрдмийн их оргил өөд хөтөлж буй багшаас гадна эрхэм  хүндэт аав, ээж та нарын минь тус дэм маш их байдаг гэдэгийг сануулах гэсэн юм. Аливааг шинээр сурч байгаа болгонд элдэв адал явдал, урамшин баярлах, шантран гутраx, аймшигтай хэцүү мэт санагдах гээд элдэвийн л зүйлтэй тулгардаг нь хүмүүн бидний жам ёсоо. Тийм болохоор хүүхдийнхээ сурах гэж тэмүүлж буй тэрхүү оргилуун хүсэл тэмүүлэлийг дэмжиж, урам хайрлах нь юу юунаас ч илүү чухал байдаг билээ. Биднийг  бага сургуульд байхад  багш болоод аав, ээж нар маань бидэнд  гучин таван үсгийг цээжлүүлж,  түүнийг үгтэй холбож өгүүлбэр болгон уншиж, бичиж сургах гэж ямар их хичээл зүтгэл, цаг заваа зарцуулдаг байсныг бид өөрсдөө аав, ээж болсон хойноо мэдэрдэг билээ. Эх хэлээрээ эрдэм номонд шамдах гэдэг юутай сайхан, юутай амархан байгаа вэ?!

  •  Багш нартай холбоотой байх нь хамгаас чухал.

Таны хүүхдийг хэрхэн сайн сурч, боловсорч, бас хүмүүжиж байгааг танай хүүхдийн багшаас өөр хэн ч сайн мэдэхгүй ээ. Тиймээс хүүхдийнхээ багштай дор хаяад жилд хоёрхон удаа болдог Багш-Эцэг, эхчүүдтэй уулзах өдөрт нь цаг заваа тохируулаад ирэхийг хичээгээрэй! Биднийг бага байхад эцэг эхийн хурлыг бараг улирал болгонд хийдэг байсан тэр ч байтугай шаардлагатай бол түүнээс ч илүү хийдэг байсаныг маш сайн санаж байгаа байхаа. Гэтэл энд зөвхөн жилд хоёрхон л удаа болдог арван тавхан минут үргэжлэх уулзалтанд та нарын минь хэд нь ирдэг билээ дээ? Мэдээж бас л нөгөө ажлын боломжгүйгээс, хэлний бэрхшээл, цагийн мөнгөө алдахаас эмээх зэрэг давхар шаналалуудаас болоод хүүхдийнхээ багшийн царайг ч хараагүй төгсгөж байгаа аав, ээжүүд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

  • Монгол хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг хэрэгтэй юу?

Мэдээж хүн гэдэг утгаараа гэмтэж, осолдох, өвдөж, зовох гээд хүний тавилангийн бүх л шалгуураар бидний үр хүүхэд бас л дамждаг жамтай. Тиймээс эрхэм аав, ээж та нар минь цаг заваа гаргаад хүүхдийнхээ сургуулийн эмчид шаарлагатай утасны дугаарыг (emergency number) заавал үлдээхийн зэрэгцээ хүүхдийнхээ эрүүл мэндийн талаархи товч мэдээлэлийг танилцуулчихаж байх нь илүүдэхгүй ээ! Түүнээс гадна хүүхдээ болж өгвөл эрүүл мэндийн үзлэгт жилд нэг удаа оруулсанаар дунд, ахлах сургуулийн сурагчдад биеийн тамирын сонгон суралцах дугуйланд орох эрхийг авах нэгэн боломж олгогддог. Нөгөөтэйгүүр хүүхдүүддээ гэрийнхээ хаяг, өөрсдийнхөө утасны дугааруудыг цээжлүүлчихвэл маш сайн.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax